Агуулга руу шилжих

Миний тухай / @enkhmanal

Би Энх-Улирал.
Энэ бол миний түүх.

01 / Миний тухай

Хөрөнгө оруулж
эхэлсэн минь.

Монголоос ирсэн надад АНУ-д компанид ажилд орох амаргүй байлаа. Би олон жил Uber-ийн жолоочоор ажилласан. Том охиноо төрөхийг хүлээж байхдаа гэр бүлийнхээ ирээдүйн төлөө хөрөнгө оруулж эхэлсэн юм.

Хөрөнгө оруулалт надад эрх чөлөө, сэтгэл ханамж, хамгийн гол нь шинэ зүйл сурч, учрыг нь ойлгохын баяр баяслыг өгсөн. Надтай адил анхны алхмаа хийж буй монголчуудад мэдлэг, туршлага маань хэрэг болоосой гэж хүсдэг.

Хөрөнгө оруулалт бол миний хувьд насан туршдаа суралцах зам.

Энх-Улирал · @enkhmanal

Энх-Улирал эхнэр, гурван охиныхоо хамт зоогийн газарт
Гэр бүлээрээ өнгөрүүлсэн мөчүүд.
Энх-Улирал эхнэртэйгээ модтой замд хөтлөлцөн зогсож буй нь
Тэр үеэс өнөөдрийг хүртэл хамтдаа.

Бид хоёр 16 настайдаа үерхэж эхэлсэн.
Гэрлээд арав гаруй жил болж, гурван охинтой болсон.

  1. 2016

    Аав болохоо мэдсэн нь

    Том охиноо төрөхийг хүлээж байхдаа анх хөрөнгө оруулж эхэлсэн.

  2. КРИПТОГИЙН ҮЕ

    Crypto Puujin

    Найзуудтайгаа крипто стартап байгуулж, Crypto Puujin YouTube сувгаа хөтөлж байлаа. Өсөлт, уналтын аль алийг туулсан.

  3. 2023

    Дахин эхлэх зориг

    Стартап бүтэлгүйтэж, хөрөнгө оруулалтад томоохон алдагдал хүлээсний дараа Мөлжүүртэй Буланг эхлүүлсэн.

  4. ӨНӨӨДӨР

    Судалгаа үргэлжилсээр

    Substack дээр 400 гаруй нийтлэл бичсэн ажлаа одоо өөрийн сайтад үргэлжлүүлж байна.

Оносон ч, алдсан ч
суралцах зүйл бий.

Крипто арилжиж байх үед LUNA надад их ашиг ч, том алдагдал ч авчирсан. Стартапын туршлага, зах зээлийн уналтын дараа би компаниудын бизнес, өсөлтийн үндэслэлийг илүү гүнзгий судалж, хувьцаанд төвлөрөх болсон. 2023 онд эхэлсэн Мөлжүүртэй Булан тэр шинэ эхлэлийн минь тэмдэглэл юм.

Substack дээр 400 гаруй нийтлэл бичиж, уншигчидтайгаа идэвхтэй ярилцдаг байлаа. Өнөөдөр энэ ажлыг өөрийн платформ дээр үргэлжлүүлж байна. Хувьцаа, опцион, фьючерс, крипто арилждаг ч шийдвэр бүрээ тодорхой үндэслэлтэй гаргахыг чухалчилдаг.

Дэлгэцийн цаана

Миний амьдралын
түшиг тулгуур.

Би Есүс Христэд итгэдэг. Итгэл үнэмшил, гэр бүл хоёр миний амьдралд хамгийн чухал. Бид сүмдээ тогтмол явдаг. Би Библи судалж, Розарийн залбирал унших дуртай.

Эхнэртэйгээ пиклбол тоглож, охидтойгоо цагийг өнгөрүүлэх дуртай. Зав гарвал солонгос дуу сонсонгоо компани, технологи, хөрөнгө оруулалтын шинэ санаа судалж суудаг.

Бурхан зөвшөөрвөл Эзэн Есүс Христтэйгээ уулзах хүртлээ энэ ажлаа хийж, улам сайн хөрөнгө оруулагч болохыг хүсдэг. Энэ булан бол тэр амьдралын минь нэг хэсэг.

Энх-Улирал

Нөхөр · Аав · Хөрөнгө оруулагч

Миний арга барил

Эхлээд ойлгоно.
Дараа нь дүгнэнэ.

Аливаа зүйл хэрхэн ажилладгийг ойлгох надад сонирхолтой. Камер харанхуйд яаж хардаг, роботын гар яаж мэдэрдэг, AI яагаад илүү их санах ой шаарддаг вэ?

Тэр ойлголтдоо тулгуурлан компанийн давуу тал, өсөлтөө хурдасгах боломжийг судалдаг. Дүгнэлтээ ямар баримтад үндэслэсэн, ямар нөхцөлд буруу болж болохыг ч тайлбарладаг.

Миний тухай дэлгэрэнгүй

БИ ХЭРХЭН СУДАЛДАГ ВЭ?

  1. 01

    Асуудлыг ойлгох

    Технологи, хэрэглээ, нийлүүлэлтэд юу өөрчлөгдөж байна вэ? Тэр өөрчлөлт хаана шинэ эрэлт үүсгэх вэ?

  2. 02

    Компанийн давуу талыг олох

    Энэ асуудлыг хэн шийдэж чадах вэ? Компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн давуу тал юу вэ?

  3. 03

    Өсөх боломжийг үнэлэх

    Өсөн нэмэгдэж буй эрэлт компанийн захиалга, үйлдвэрлэл, орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Өсөлт эрчимжиж байгааг ямар үзүүлэлтээр мэдэх вэ?

  4. 04

    Таамгаа эргэж шалгах

    Бүтээгдэхүүний хэрэглээ удаан өсөх, өрсөлдөөн ширүүсэх, санхүүжилт дутагдах үед миний таамаг хэвээр байх уу?

Судалгааны сан руу