Сайн байна уу?
Мөлжүүртэй Newsletter-ийн эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе! Аагим халуун үргэлжилж буй эдгээр өдрүүдэд хөрөнгийн зах зээл ч мөн халалт өндөртэй байна. Энэхүү өсөлтийн нэг хэсэг болж тодорхой үр ашгийг уншигч танд хүргэх чин хүслийн хүрээнд бид өөрсдийн судалгааг тогтмол хуваалцдаг билээ.
Өнөөдрийн дугаараар Biotech-ийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийг онцлох болно. Юуны өмнө Biotech-ийн салбар нь өөрөө маш хэлбэлзэл өндөртэй, өрсөлдөөн ихтэй бөгөөд уншигч та бидний санал болгосон арилжааны саналыг эс сонирхсон ч энэ бичвэрээс та энэ салбарын талаар багагүй мэдээлэлтэй болохын зэрэгцээ тус салбарт өөрсдийн хүчийг үзэж орших, эс оршихуйн төлөө тэмцдэг эмийн компаниуд хэрхэн ажилладаг талаар мэдэх болно.
• Biotech-ийн талаар товч дурдвал:
Biotechnology буюу Biotech салбар гэдэгт биологийн үйл явц, организмаас гаргаж авсан бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ойлгоно. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндийг сайжруулах, газар тариалангийн ургацыг нэмэгдүүлэх, шинэ эмчилгээ, технологи, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэхэд эс, бактери, фермент зэрэг амьд организмуудыг ашиглах явдал юм.
CryptoPuujin багийн Biotech-д чиглэсэн хөрөнгө оруулалтын судалгаанууд түлхүү Эрүүл мэндийн салбарт үйлчилгээ үзүүлдэг компаниуд руу чиглэдэг. Энэ удаа бид Axsome Therapeutics (NASDAQ: AXSM) гэх төв мэдрэлийн тогтолцооны (central nervous system) эмгэгийг эмчлэх шинэлэг эмчилгээг хөгжүүлж, мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн нөхцөл байдлыг сайжруулах био эмийн компанийг танд танилцуулахын зэрэгцээ энэ компанид хөрөнгө оруулах ямар боломж үүсээд буй талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.
• Axsome Therapeutics (AXSM)
AXSM нь анх 2012 онд үүсгэн байгуулагдсан одоогоор $3.84 тэрбум долларын үнэлгээтэй байна. Уншигч танд мэргэжлийн үг хэллэггүйгээр хамгийн энгийнээр тус компаний үйл ажиллагааг танилцуулбал төв мэдрэлийн тогтолцооны янз бүрийн эмгэгүүдэд (жишээ нь бидэнд хамгийн их танигдсан Alzheimer's disease гэх мэт) чиглэсэн шинэ, үр ашиг өндөртэй эмчилгээг боловсруулж, хөгжүүлдэг компани гэж ойлгож болно.
AXSM-ийг онцолж буй бидний гол шалтгаан бол тэдний шинэ бүтээгдэхүүн болох AXS-05-тай холбоотой. Товчхондоо энэ эм нь сэтгэл гутралын эмгэгийг (depressive disorder) эмчлэх хамгийн үр дүнтэй шийдэл болж магадгүй байна. Учир нь AXS-05 3-р шатны туршилтаараа сэтгэл гутралын шинж тэмдгүүд мэдэгдэхүйц буурсан гэх дүгнэлтэд хүрч өвчтөнүүдийн 47% нь AXS-05-ийг хэрэглэснээр мэдэгдэхүйц сайжирсан гэжээ. Ингэснээр AXSM FDA-д хандан өргөдөл гаргаж Priority буюу AXS-05-ийг хянахтай холбоотой үйл явцыг хурдлуулж 10 сар бус 6 сарын хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой болж байна.
AXSM-ийн сайн мэдээ зөвхөн AXS-05-аар зогссонгүй. Тэд мөн AXS-07 болон AXS-12 зэргийн туршилтаар амжилттай үр дүнд хүрсээр байна. Үүнийгээ дагаад эдгээрээс үүсэх орлогын тооцоонууд ч мөн өндөр гарч байгаа тул бидний зүгээс Axsome Therapeutics (AXSM)-нд хөрөнгө оруулах боломжийг уншигч танд санал болгож байна.